Газарзүйн хувьд:
Цэнхэр сум нь Хангайн уулархаг муж хийгээд Орхон, Тамирын хөндийд оршдог бөгөөд хойд талаараа Эрдэнэбулган, Батцэнгэл сумтай баруун, баруун урд талаараа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, өмнөд талаараа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Бүрд сумтай, зүүн өмнө зүүн талаараа өөрийн аймгийн Түвшрүүлэх, Хотонт сумтай хиллэн оршино. Нутаг дэвсгэр нь 332.8 мянган га.
Түүхийн:
1931 онд орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн засаг захиргааны үндсэн нэгж байсан хошууг халж, тэр үед байсан 5 аймаг, 72 хошуу, 525 сумыг газар нутаг, хүн амын талаар тэгшитгэн 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулжээ. Энэ үед Архангай аймаг байгуулахад хуучин Эрдэнэбулган уулын хошуунаас Цэцэрлэг голын хошууг таслан Цэнхэр сум нэртэйгээр байгуулжээ.
Хүн ам: Цэнхэр сум 1934 оны байдлаар 7 багтай байв. Үүнд 1-р баг нь Цэцэрлэгийн голын эхэн биеийн нутаг, 2-р баг нь Цагаансүм, 3-р баг нь Орхон, 4-р баг нь Цэнхэрийн голын дагуу нутаг, 5-р баг нь Могойн голын орчим, 6-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн хойт хэсэг, 7-р баг нь Цэцэрлэгийн голын доод биеийн өмнө хэсэг буюу одоогийн Түвшрүүлэх сумын ихэнх нутгийг хамарч байв. Тус сум энэ үед 780 өрх, 3312 хүн ам, 6207 адуу, 10828 үхэр, 29787 хонь, 2088 ямаатай байсан байна.
Харин 2008 оны байдлаар Цэнхэр сумын нийт хүн ам 5387, үүнээс эр 2652, эмэгтэй 2735, нийт өрх 1513, шинэ төрсөн хүүхэд 120, нас барсан хүн 46, шилжиж ирсэн 68, шилжиж явсан 127, өрх толгойлслон эмэгтэй 392, тахир дутуу иргэн 229, өндөр настан 368, өндөр настай ганц бие өрх 102 байна.