Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эрт дээр үеэс хүн оршин амьдарч байсан тухай ул мөр түүхийн дурсгалт зүйлсийн үлдэц үлдэгдэл хадгалагдан байгаа билээ.
Сумын төвөөс 3 км орчим газар Цэцэрлэгийн голын хойт биед Хөшөөтийн ам хэмээх нутагт буй эртний хүрэл зэвсгийн үеийн дурсгал, “Буган хөшөө” нь эрт үеэс тус сумын нутагт хүн амьдарч байсны нэгэн тодорхой жишээ болно. Эл буган хөшөө нь 2 метр өндөр 0.5 метр зузаан юм байна. Хөшөөний нүүрэн талын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биенд буга загварчилан дүрслэж, доогуур нь өргөн бүс татжээ. Зүүн хажуугийн нарийн хавтгайд 3 буга, арын өргөн хавтгайн дээд хэсэгт нар, их биед 2 буга, бүсний дээхэн талд бамбай сийлжээ. Дээрхийн ижил хоёр буган чулуун хөшөө нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг юм.
Цэнхэр сумын төвийн баруухан талд Цэцэрлэгийн голын хөвөөнд байдаг эртний булш, Бүрд багийн Майхан хэмээх уулын өмнө үзүүрт байх эртний Түрэгийн үеийн бололтой дөрвөлжин булш, Цэнхэрийн голын “Дээд тээг” хэмээх газрын эхэнд хоёр том цохионы дунд байх нэгэн сонин булш, Хужирын амны морь татдаг, Буйлан багийн Хайрхан уулын зүүн бэл зэрэг газруудад Хүрлийн үеийн том хэмжээтэй хиргисүүрүүд байдаг ажээ. Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед хамаарах хадны сийлмэл зураг, тамга тэмдгийн зүйлс тус сумын Бүрд багийн нутаг Ширдэгийн гол хэмээх газар байдаг юм байна.
XIII зууны үед холбогдох түүхийн дурсгалт зүйлсийн үлдэгдэл тус сумын нутагт нэлээд байдаг. Тухайлбал, Цагаан сүмийн голын хойт биед, Хөшөөтийн ам хэмээх газрын урд, Цагаан сүмийн рашааны баруухан талд эртний барилгын үлдэц ором байдаг бөгөөд гадуураа хэрэмтэй байсан болов уу гэж үзэж болохоор байдаг аж. Үүнийг Өгөөдэй хааны орд байсан тухай цухас мэдээ байдаг болой. Өгөөдэй хаан Хархоринд туурьшиж байсан бол түүнтэй тун ойролцоо байх Цагаан сзмийн рашаанд биеэ сувилж амрах зорилгоор юмуу, өөр ямар нэг зорилгоор ийнхүү орд харш бариулж суурьшиж байсан байж болох талтай. Нөгөө талаар эрдэмтэн О. Намнандорж гуай Цагаан сүмийн рашааныг XIII зууны үед тохижуулж ашиглаж байсан тухай бичсэн байдаг. Мөн цагаан сүмийн голын эхэнд нэгэн барилгын үлдэц ором байдгийг “Цагаан сүм” хэмээн нэрлэдэг болой. Эл сүмийг нэлээд эрт дээр үед магадгүй монгол нутаг дээр байсан эртний улсуудын үед ч хамаарч болох юм хэмээн эрдэмтэд үздэг бололтой юм.
Орхон голын бүр эхэнд “Жаран цөнгөрөг” хэмээх овгор хотгор ихтэй эдгэрч эрүүлшсэн газар байдаг аж. Эл газрыг ШУА-ийн гишүүн, доктор Х. Пэрлээ гуай эрт цагийн барилгын үлдэгдэл байж болох юм хэмээн тэмдэглэсэн байна. “Жаран цөнгөрөг” нэртэй бас иймэрхүү газар Цэцэрлэгийн голын эхэнд байдаг. Орхон голын зөв талын цутгаланд “Тээлийн амны дөрвөлжин газар” гэдгийг тэрбээр эртний хот барилгын үлдэгдэл хэмээсэн байдаг. Алтан-Овоо багийн нутагт Өгөөдэй хааны бор өргөө хэмээх хотын туурь, мөн Сайрын Бүрдний дэнж дээр Манжийн үеийн хотын туурь байдаг юм байна. Энэ мэт түүхийн дурсгалт зүйлс тус сумын нутагт элбэг байдаг бөгөөд гагцхүү түүнийг эрэн сурвалжилж илрүүлэх, шинжлэн судалж тодруулах явдал нэн чухал байгааг дурдах юун.