Хүн эмнэлэг
Тус сумын хүн эмнэлэг нь 1938 онд анх байгуулагдсан байна. 1959 онд анх төрөх тасаг нээгдэж анхны эх баригчаар Д. Чулуунжав ажилласан байна. Энэ эмнэлэг нь 1975 онд их эмчийн салбар болон өргөжиж анхны их эмчээр Цэдэн, Бат-Өлзий, Содномпил, Санжханд, Сэндогом, Ц. Пүрэвсүрэн, Оюунцэцэг нар ажиллаж байв. 1982 онд тус эмнэлэгийн эрхлэгчээр Мижидсүрэн, Н. Энхтуяа нар ажиллаж байсан ба ажиллаж байна.
Хүүхдийн цэцэрлэг
1972 онд байгуулагдсан бөгөөд 1975 онд 2 бүлэг, 50 хүүхдийн төлөвлөгөөтэй 8 ажилчинтай ажиллаж байжээ. 1982 онд 3 бүлэг, 75 хүүхэд, 15 ажилчинтай болж хүүхдийг насаар нь ангилан хүмүүжил сургалтын ажлаа явуулах болсон байна. 1975-1990 онд 400-500 хүүхдийг сургуульд бэлтгэн өөрийн байртай болсон байна. Хамт олны дотроос таван жилийн гавшгайч, үлгэр жишээ заах арга зүйч тэргүүний хүмүүс шалгаран шагнагдаж байсны дээр тус цэцэрлэг хамт олноороо бэлтгэл шатны сургууль болтлоо хөгжиж иржээ. 1990-1997 онд сургуулийн өмнөх насны 200-250 хүүхдийг сургуульд бэлтгэж өгчээ. Төсөл хэрэгжүүлэх замаар цэцэрлэгтэй тоглоом, хивс, приставк, өнгөт телевизор, хөгжимтэй болов. 2002 онд 2 бүлэг, 6 ажилчинтай, 6,5 сая төгрөгийн төсөвтэй, 50 хүүхэдтэй ажиллаж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчээр Баасанжав, Найм, Гүнсмаа, С. Аюушжав, Ц. Дэлгэр нар ажиллаж байсан байна.